СОРОНЗОН ҮЕЛЗҮҮРТ ТОМОГРАФИ

Соронзон үелзүүрт томографийн (MRI) шинжилгээ:

Соронзон үелзүүрт томограф нь их хэм хэмжээний соронзон болон  радио долгион ашиглаж хүний биеийн тархи, нугас, зөөлөн эд, үе холбоос, булчингийн өөрчлөлт, зүрх болон судасны эмгэг хэвлийн хөндийн эрхтнүүдийн эмгэгийг оношлоход тохиромжтой төхөөрөмж ба өвчнийг маш нарийн төвшинд илрүүлнэ. MRI нь зөөлөн эдийг маш тод дүрслэн гаргаж чадах ба биеийн томоохон үенүүд тухайлбал нугалам хоорондын үе, түүний жийргэвч болон мөчдийн өөрчлөлтийг шинжлэх сонгодог арга болсон.


MRI шинжилгээ нь тархины эмгэгүүд болох харвалт, хавдар, халдварууд болон нейродегенератив эмгэгүүд, булчин шөрмөс болон үений холбоосны урагдал, артрит, үений дегенератив өөрчлөлтүүд, үений гадаргуугийн гэмтэл, нурууны нугалмын эмгэгүүд, гэмтлүүд, жийргэвчийн ивэрхий, нугасны дарагдал болон дегенератив өөрчлөлтүүдийн оношлогоо хийх, мөн мэс заслын болон бусад төрлийн эмчилгээний үр дүнг үнэлэхэд ач холбогдол өндөртэй байдаг. 
MRI шинжилгээгээр тархи, хүзүүний судасны (артери, вен) бүтцийг тодосгогч бодис ашиглахгүйгээр дүрслэн харуулж судасны нарийсал, бөглөрөл, гаж хөгжлийг үнэлэх боломжтой. 
Хавдар, халдварт өвчнүүд болон зарим нэгэн өвөрмөц өвчнийг оношлоход тодосгогч бодисыг тарьж зургийг авах шаардлагатай бөгөөд энэ үед парамагнетик чанартай бодисыг өвчтөний венийн судсанд тарьж шинжилгээг хийдэг. MRI-ийн тодосгогч бодис нь харшил үүсгэх тохиолдол маш ховор байдаг. Тодосгогч тарьсан газарт улайх, дотор муухайрах, тууралт гарах, толгой өвдөх зэрэг шинжүүд гарч болох ба энэ үед өвчтөн эмч, техникчдэд мэдэгдэх хэрэгтэй. Зарим үед компьютер томографийн шинжилгээтэй харьцуулахад ясны хугарал болон эд эрхтэн дэх шохойжсон бүтцүүдийг үнэлэхэд MRI шинжилгээ ач холбогдол багатай байдаг.

 
Оношлогооны үед өвчтөн ор нь дээр хэвтэж туннел хэлбэртэй төхөөрөмж руу орох ба шинжилгээний явц удаан байж болзошгүй ч хөдөлгөөнгүй хэвтүүлэх хэрэгтэй. MRI оношлогоо өвтгөхгүй ч чанга чимээтэй. Техникч чихний бөглөөс эсвэл дуу тусгаарлах чихэвч (зарим төхөөрөмжийн чихэвчээр оношлогооны үед дуу сонсож болдог) өгнө.

Хор Нөлөө: 

MRI төхөөрөмж нь рентген цацраг хэрэглэдэггүй учир хүний биед сөрөг хор нөлөө байхгүй. Гэсэн хэдий ч соронзон ашигладаг тул зүрхний цахилгаан хэмнэл удирдагчтай (pacemaker) хүмүүс MRI шинжилгээний өрөөнд орох нь шууд зүрх зогсоох аюултай учир шинжилгээнд орох нь хориотой. 
Харин биедээ соронзлогддог метал биетүүд болох хиймэл үе, судасны стент болон хавчаар (clip), өөр бусад метал суулгацтай хүмүүс уг шинжилгээнд орохдоо заавал эмчтэй уулзаж шинжилгээнд орох эсэхээ шаардлагатай. . Төмөр суулгацаас гадна жирэмсэн болон жирэмсэн байж болзошгүй хүмүүс оношлуулахаасаа өмнө эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.



“Медтравма” эмнэлэгт дараах MRI шинжилгээнүүдийг хийж байна.Үүнд: 


 Толгой 
 Толгой тархины судастай 
 Хүзүү нуруу /С1-С7/
 Хүзүүний судас 
 Сээр нуруу /TH1-TH12/
 Бүсэлхий нуруу/ L1-L5, S1-S5
 Аарцаг
 Мөрний үе 
 Шилбэ
 Бугалга 
 Тохойн үе 
 Шуу
 Бугуйн үе 
 Сарвууны үе 
 Дунд чөмөг 
 Өвдөгний үе 
 Шагайн үе 
 Тавхайн үе
 Хэвлий – MRCP /цөс болон нойр булчирхайн замууд/

Цэс: Мэдээ мэдээлэл